Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт орших дөрвөн талаасаа элсэн манханаар хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт нуур. Далайн төвшнөөс дээш 1450.5 метрт оршдог, 4 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Эрээн нуурыг тойрон хүрээлэх элсэн манханы цаад талд хангайн бүсийг санагдуулахаар цэцэг ногоо алаглаж, орчин тойрны байгалийн үзэмжийг улам нэмэгдүүлдэг. Говь-Алтайчууд Монголын “Швейцарь” бол
Хөвсгөл гэж ярьдаг бол манай говь нутгийн Швейцар бол Эрээн нуураа хө” хэмээн хошигнодог. Эрээн нуур бол элсэнд уусалгүй тогтсон өвөрмөц тогтоцтой нуур юм. Алтран шаргалтах Монгол элсэн дунд цэнхэртэн долгиолох Эрээн нуурын үзэсгэлэн яах аргагүй Говь-Алтайчуудын бахархал болсон нуур билээ. Элсний зах ус руугаа нуран оровч тунгалаг ус нь булингартдаггүй ажээ. Мөн нутгийнхан элсний доогуур шурган орсон Завхан голын хэлтэрхий юмаа гэж хэлэлцэх нь бий. Зэгс, бургас шуугиж усны шувуудын диваажинг үүсгэнэ. Ангаж цангаж яваа явуулын хүмүүс Эрээн нуурыг хараад зэрэглээнээс ус ургаад гараад ирэв үү хэмээн итгэж яддаг гэнэ. Амьд амьтан тогтохын аргагүй аагим халуун хуурай элсэн дунд цэв цэнхэр тунгалаг нуур байна гэхэд итгэхийн аргагүй ертөнц билээ. салхитай өдөр элсний ширхэг бүхэн салхиар туугдан нүүр нүдгүй шуурч, элсэн манханууд нь нүүгээд байх шиг санагддаг хирнээ Эрээн нуурын ус тув тунгалагаар мэлмэрч байдаг нь гайхалтай сонин ажээ. Эрээн нуурын эзэн нь хоёр хөөрхөн хүүхэд байдаг хэмээн домоглодог. Өглөө эртийн нарнаар торгон элсний хаяан дээр тоглож байгаап хүний бараа харангуут нуурандаа ус цалгиулан
инээсээр ордог гэнэ. Тэр хоёр хүүхдийг харсан хүнд үрийн заяа, аз хийморийн лундаа оршдог хэмээн бэлгэшээнэ. Хүүхэд байгаа газар аз жаргал, инээд баясал умбаж байдаг болохоор Эрээн нуурын ус нутгийнхаа ард түмнийг тэтгэн буян хишгээ хайрласаар ирсэн хэмээн хэлэлцдэг байна. Эрээн нуурын усыг тэтгэгч нь Завхан гол учраас тус голын хөндий эрэг дагасан ард түмэн гол усаа хайрлан хамгаалахгүй бол сүүлийн жилүүдэд Эрээн нуур замагшин ширгэх аюулд тулаад байгаа юм байна.
Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !