Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг (сумын төвөөс зүүн урагш 26 км-т) Их Дулаан уулын өвөр хөндийд Өвгөнт, Үүдэнт гэдэг хоёр жижиг уулаас урагш тун ойрхон зайд орших жижиг толгойг Шовгор Зараа гэх ба түүний зүүн талын жижиг дэлийн хаднаа хонхойлгон сийлсэн эртний нэлээд зураг бий.
Урт сүүлтэй амьтан, хэвтэж буй тэмээ мэтсийн
хооронд салаа модорхуу дүрс, тэмээ, адуу, ямаа, нохой зэрэг нийт зургаан амьтныг дээрээс доош цувуулан дүрсэлсний зарим нь баларч арилжээ. Голоороо хөндлөн онги дээрээ дөрвөлжин нэмэлт, дороо хөндлөн суурь хөлтэй онгин тамга бас байна. Дараагийн зурагт зүүн тийш цуварч яваа хоёр /цаа/ бугын түрүүчийн нь толгой баларчээ.
Нэгэн бүлэг зурагт нийт таван амьтан дүрсэлснээс үхрийг хоёр нарийн эвэртэй зурснаас гадна түүний нуруунаас дээш өргөн хөндлөн, хэвлийгээс доош нарийн хөндлөн (үхэр унасан хүний том дүрс мэт) хонхор гаргажээ.
Эндхийн хадны зурагт тамга тэмдгийн зүйлс багагүй дүрслэгдсэний дотор урт хоёр хөлтэй зууван дугуй тэмдэг, тамганы дүрс тод харагдана. Хүн амьтны дүрс дотор ур муутай гэмээр авч морь унасан хүний дүрслэл сонирхолтой юм. Эдгээр хадны зураг нь он цагийн хувьд Х.Т.Ө III-I мянган жил буюу төмөр зэвсгийн түрүү үед хамаарах юм.
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !