Сайн байна уу? Би саяхныг хүртэл аз жаргалтай эмэгтэй байлаа. Саяхныг хүртэл гэсний учир нь нөхөр маань архи балгах дуртай болохоос өмнө гэсэн үг л дээ. Нөхөр
маань жилийн өмнөөс ажлаа сольж илүү сайн цалинтай ажилд орсон юм. Ингээд л бараг архи амсдаггүй байсан нөхөр маань нилээд дуртай болсон. Долоо хоногийн эцсээр шал согтуу гэртээ ирэх нь зуршил болчихлоо. Эрүүлдээ тун
сайхан зантай, халамжтай нөхөр маань согтуудаа хажууд нь байхад тэсэж тэвчишгүй хүн болж хувирах юм. Сүүлд нь оройтох бүр нь зүрх түгшдэг болоод байна. Согтуу ирсэн нөхөр маань миний хийсэн хоолыг, хананд өлгөсөн зургийг, хүүхдийн хувцасны шүүгээ гээд л бүх зүйлийг өөлж, манай гэрийнхнийг зогсоо зайгүй доромжилж заавал нэг шаазан юмуу өөр нэг зүйл эвддэг. Цонхны хөшиг хутгаар зүсэж, ширээний хулдаас сийчиж, ширээн шаан, шал дэвслэн орилоод, надад хэд хэдэн удаа гар хүрсэн. Эрүүлдээ тун даруухан, хүнтэй нийцтэй түүний үг хэл согтуудаа дэндүү хорон, үйл хөдөлгөөн нь тун хатуу болчих юм. Бидний амьдралд хамгийн их тус болж яваа манай ахыг, манай гэрийнхнийг ална гэж заналхийлдэг. Манай гэрийнхэн ч манай хүнд хир огт халдаадаггүй, жигтэйхэн сайн хандацгааж надаас бараг илүүд үздэг.
Эрүүлдээ миний хийсэн хоолыг магтдаг хүн чинь согтуудаа бол шууд газар руу чулуудчихна. Ер нь бол түүний найзууд бүгдээрээ миний хоолонд дуртай гэцгээдэг. Эрүүл болсон өөрт нь хэлэхэд “Би тэгээгүй. Үүнээс хойш ухаанаа алдахгүй ээ. Хайр нь юу гэж тэгэж бодохов дээ” гээд л баахан уучлалт гуйна. Хэдэн найз эгч нарт энэ тухай нь хэлэхэд хүн эрүүлдээ бодож явдаг юмаа согтуудаа гаргадаг гэцгээх юм. Бид хоёр уул нь бол хоёр биенээсээ баяр, гомдлоо нуудаггүй хүмүүс гэж боддог юм. Ажилд нь ямар нэгэн дарамт байгаа юм болвуу, өөр хүнтэй болсон юм болвуу гэж бодоод тандаж үзэхэд тийм зүйл огт мэдэгдээгүй. Хэдэн найзууд нь манай хүнийг чамд ухаангүй их хайртай, өөр асуудалгүй гэх юм. Өөрөөс нь юу болсныг, юунд сэтгэл дундуур байгааг асуухад “бүх зүйл сайхан байна” гэж итгэлтэйгээр хариулдаг. Хадам талд маань ч элдвийн асуудал гараагүй. Согтууд нь түүнээс салмаар санагддаг ч эрүүл үедээ ямар сайн хүн, надад хайртайг нь бодоод салж чадахгүй байна. Долоо хоног болгон агсамнах түүнээс үнэндээ залхаж байна. Энэ байдлаараа байвал хүү, бид хоёрыг алчиж ч магадгүй санагдаад байдаг боллоо. Энэ үедээ хэлсэн гомдмоор үгийг нь бодохоор сэтгэл хөрөөд байх шиг санагдах юм. Уншигч та нараасаа, ялангуяа эрчүүдээс асуухад хүн согтохоороо эрүүлдээ бодож явдаг зүйлээ ил гаргадаг уу?
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !