зэвсгийн дархны газар хэмээн тогтоожээ. Хас чулууны хольцтой шаргал өнгийн цахиурлаг чулуугаар хийсэн олон төрлийн багаж зэвсэгнүүд байжээ. Түүний дотор чулуун эдлэл хийхээр бэлтгэсэн чулуун залтсууд, хөндлөн огтлолтой гурвалжин хэлбэрийн хатуу хутган цуулдас, чулуу цохидог талбайн үлдэц, хусуурын төрлийн олон зүйлс олджээ. Хамгийн сонирхолтой нь гилбэрэн үзүүртэй зэвсгүүд юм. Эдгээр багаж зэвсэг нь хийсэн арга барил болон бусад бүхий л шинжээрээ Өмнөд Ази, Европ, Африкт өргөн тархсан чулуун зэвсгийн үеийн зэвсгүүдтэй адил байжээ. Тус гилбэр зэвсгүүд нь баргилдуу хоёр хажуугийн хавтгай талыг ялтаслан цуулж зассанаас гадна ирэн талыг 2 талаас нь ээлжлэн цохиж гаргасан байсан нь европын зарим зэвсэгтэй адил ажээ. 1970 оны үед дэлхийн судлаачид өрнө зүгийн орнуудад гилбэр зэвсэг бүхий хүмүүс, өмнөд ба зүүн өмнөд Азийн орнуудад мөлгөр хайрган чулууг хөндлөн хугалж зөвхөн нэг талаас нь ирлэн хэрэглэдэг байсан хэмээн соёлын ийм хоёр бүсэд л хуваадаг байжээ. Гэтэл Ярх уулын дурсгал олдсоноор тэдгээр эрдэмтэдийн тогтоосон судалгааны үр дүнд өөрчлөлт орж байгаа юм. Гилбэр зэвсэг хэрэглэгчдийн хил хязгаар нилээд хэмжээгээр тэлэгдэж сонгодог зэвсэг хэрэглэгчид гэдэг бүлэгт Монгол орон багтах нь гарцаагүй болсон ажээ. Оросын археологич А.П.Окладников “Ярх уулын дурсгал нь хуучин чулуун зэвсгийн “ашел”-ийн үеийн ийм тодорхой шинжийг агуулсан нь Азийн хувьд анхны бөгөөд цорын ганц дурсгал болж байна хэмээжээ. Ярх уулын дурсгалын бас нэгэн онцлог нь гилбэр ба үзүүр мэсэн зэвсгийг хийж эзэмшиж байсан хүмүүс нь өрнө зүгийн хуучин чулуун зэвсгийн үеийн хүний нэг адил чулууг засаж, хоёр талаас нь янзалж зэвсэг болгон хийдэг өөрийн гэсэн тогтсон арга барилтай байсанд орших юм. Энэхүү Ярх уулын дурсгалаас үүдэн янз бүрийн таамаг гарч ирж байна. Монгол ба Европын гилбэр мэсэн зэвсгийн ижил төсөөтэй байдал нь тэртээ эрт үеийн хүмүүс гарал үүслийн холбоотой эсэх, эсвэл өөр хоорондоо харилцан нөлөөлцөж байсан, зөвхөн гадаад шинжээрээ ижил боловч тус тусдаа үүссэн соёл байсан гэх мэт асуудлууд гарч ирж байгаа юм. Ийнхүү Ярх уулын хуучин чулуун зэвсгийн үеийн дархны газар нь шинжлэх ухааны хувьд томоохон нээлт болсон юм.
Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !